S.F's note : Ганцхан

Ганцхан

Ганцхан

Энхрий хайрт минь! Энэ үгийг хэлэх бүрт амандаа мөнхийн ус балгаж явсан тэр хараацайн адилаар өөрийгөө төсөөлөх юм. Ийм ариун, ийм нандин аугаа тэр үгийг амандаа зууж яваад чамдаа шивнэнэ гэдэг... Эрхгүй сайхан, эрхгүй шунам, тэмүүлэм!

Чи минь гэв гэнэт л цээжнийхээ хаалгаар аяархан орж ирэхдээ алгандаа үргэлж л нэг багц гэрлийг атгаад орж ирдэгсэн. Тэгээд л өөр дотроосоо өөрийгөө хайж олоод миний хажууд аажуу тайвнаар суугаад инээмсэглэдэг тэр мөчийг би Бурханы суу алдар, амар тайвантай дүйцүүлэн боддог юм шүү. Миний хүрч үзсэн чиний цээжний гүнд л амгалан цагаан цас нэвсийтэл орчихсон байдаг. Чиний минь сэтгэл дотор амандаа уулс болоод үүлс зуусан мянган цагаан шувуу өдөржин, шөнөжин цуцалтгүй нисэх хэрнээ моддын мөчир дээр дуугуй суугаад залбирдаг тэр мөч бүхнийг би мэднэ ээ. Би тэр мөчүүдэд үнэхээр их хайртай. Би энэ бүхнийг бүхий л оршихуйгаараа мэдэрч чадсан. Гарыг чинь хараад л аль зүг рүү явах ёстойгоо ухаарсан юм шүү.

Чи минь надад хайртай юу? Чи минь надтай хамт үүрд үлдэх үү? Энэ үгийг би чамаас хэдэн удаа асуусан бэ? Харин чамайг хайртай гэж хэлэх бүрт, хамтдаа үлдэнэ ээ гэж шивнэх бүрт би юу мэдэрдэг гээч. Гагц намайг сонгохдоо үүнийг л огоорохгүй өнгөрч боломгүй юм шүү. Би чамаасаа ямар ч илүү амьдрал, ямар ч илүү жаргал хүсэхгүй ээ. Гагц надад үүнийг л амлаж чадах уу? Хайрт минь. Тэвэртээ муу муухайг минь багтаагаач

Хараан зүхдэг нүгэлт уруулыг минь юун түрүүнд битгий мартаарай. Хайрлам шидэт үгс урсдаг шиг ээ, хараал зүхэл, үзэн ядалт ч энэ уруулаас эхтэй. Уучлаарай. Намайгаа уучлаарай. Надад хүний зан, чөтгөрийн авир, бурханы араншин бүгд буй. Энэ амнаас гал дүрэлзэж явсан нь ч бий, энэ л амнаас тэнгэрийн хур цутгасан нь ч бий. Уй гашууныг олж үздэг нүдийг минь ч тэгээд анзаараарай. Эрхгүй энэ нүд уйтгараар дүүрэн байсныг л уучлаарай. Би мэддэг. Би мэдэхгүй өнгөрч зүрхэлдэггүй юм. Даанч гунигтай нүд дээ. Үзэсгэлэнтэй ч биш. Энэ бол их том нүгэл. Бүхий л гунигыг нүдээ цавчихгүй хараад, үүнийгээ өөр дээрээ мэдрэнэ гэдэг! Ертөнцийн хамгийн харанхуй болоод ялзарсан их уйг ч үзэхгүй өнгөрч чаддаггүйг минь, эрхгүй хүний өмнөөс ч бороошиж явдгыг минь уучлаарай. Хажууд минь оршин тогтноход энэ бүхэн хэчнээн хэцүү байхыг мэддэг ч хэзээ ч би өөрчлөгдөн хувьсаж чадахгүй хүн гэдгийг минь ч хайрлан хамгаалаарай. Өөрийнхөө зохиосон үлгэрээр амьдрах хувьтайг минь, өөрийнхөө малтсан нүхээр тэмтчих зовлонтойг минь чи ойлгодог биз дээ? Нэг ч удаа сайн зүйл рүү ч эсхүл муу зүйл рүү ч хөлбөрөн хувирч явсангүй ээ. Ийм дураараа, ийм зөрүүд хачин хүнийг хайрлаж болох уу? Хэн нэгний хэлсэн үгс надтай холилдон, оюун санаатай минь сүлэлдэн байж минийх болдог ч гэлээ ямар ч хүний хэлсэн үгийг орой руу гаа шуудхан цутгачихаж чаддаггүйг минь... Чи минь бас л уучлаарай. Би хэний ч үгийг үл тоон өөрөөрөө алдах бүрт минь ч намайгаа энхрийлэн тэврээрэй. Бухимдал намайг боолчилдогийг, түүнээс болоод уур бухимдал минь намайг цаас жижиглэн урж цас гэж итгэн зогсох тэнэглэлийг өгдөгийг, хаалгаа өшиглөж, ханаа цохиж хүртэл цурхиран уйлдгийг...  Өөрийгөө л даван туулах гэж  хамгийн их нулимс урсгадагийг минь ч уучлаарай...

Цээж, зүрх энгэр сэтгэлийн минь эвхээс бүрийг нямбайлан дэлгэж хараад тэнд байгаа хамгийн бүүдгэр, хамгийн харанхуй, хамгийн цэвдэг цэг бүрт нэг бүрчлэн хуруугаа дүрээд үзээрэй. Үгэрч хоосорсон увайгүй зан, өөриймсөг зөрүүд хувиа хичээгч, өлсгөлөн шуналаар дүүрсэн өмчирхөг зан гээд юу ч миний дотор байж болох шүү дээ. Би ч сайн таньж мэдэж чадаагүй юм. Бичиж чадахгүйгээсээ болоод, нэг ч цэг зориглон тавьж чадахгүй байх үедээ халуурч хонох шөнө бүрийн галзуурлуудыг минь чи л зөөллөөрэй.

Чи минь л ганцхан. Бүр ертөнц дээр цорын ганц. Цор ганц чи минь л! Муу муухайг минь  энхрийлэн тэврээд, чангаас чанга үнсээрэй гэж чамаасаа л аврал эрэн, амь тэмцэн гуймаар байна... Хайрт минь, энхрий хайрт минь, хувь тавилан минь... Ингэж чадвал л чи энэ бүхний эцэст надаас тэнгэр олж хараад хайрлан үнсмээр санагдах болно оо!

2013.12.5

Your Fortune...

Э.Б

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
zochin (зочин)

bodol ni yg yg ni yildel yildel ni huvi zaya boldog.buruu zyil hiisen ungursun tsag hugatsaaruugaa ergeed ochij bygdiig zalruulj uvdug sugdun guih san

Eight (зочин)

Дотор уужрих шиг л боллоо... Ай яаж ингэж сайхан бичдэг байна аа гэмээр л... Үзэсгэлэнтэй уйтгар, үгээр хэлэмгүй тайвшрал өгөх юм аа. Сэтгэлийн сэмэрсэн хэсгийг нөхөөд оёод өгөх шиг л боллоо. Юутай их буян!

Jemorte

яг л сэтгэл дотор ороод гарсан мэт..

Ц.Санчирмаа

сайхан

Ц.Санчирмаа

сайхан

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)