S.F's note : Аравдугаар сар

Аравдугаар сар

Б-д зориулав  

Би маш удаан зөвхөн үхлийн тухай бодож байна
Гутлын үдээс, гурван шүдтэй сам, толь хийгээд миний үс
Энэ бүхэн бүгд л над эцсийн өдрүүдийг санагдуулдаг юм
Эрхгүй миний цээжийг цагаахан хөндий хучсаар л байгаа
Ертөнц рүү намайг илгээсэн хоржоонт тэнгэрийн ягаахан цус шиг
Ер нь амьдрал гэдэг цэцгийн өнгөтэй, үнэртэн сэлт мэт хормын л эд
Замаар нисч явсан тагтааг дайраад унагачих шиг дороо мартагддаг
Заль ихтэй хувь тавилангын хуурмаг даажигнаан л юм
Гэвч үхэл гэдэг амьддаа хэзээ ч бидний амсаж үзээгүй
Гэрэл гэгээ, хайр энхрийлэл, цайвар хөхөвтөр туяа
Хэзээ нэгэн өдөр тосон авах ариун бурханы гар хийгээд
Хэзээ ч юм зүүн хацрыг минь үнсээд явуулсан эмэг эх минь юм! 

2013.10.10 

Тэмдэглэл шүлэг-1

Цаг-арван нэг хорин тав, өнөөдөр есөн сарын хорин долоон
Цамцандаа өдөржин өд, сөдөө нууж явсаар залхсан өдөр
Гуравдагч хүний тухай яагаад ч юм бодсон өдөр
Гуниглах зүйл үгүй ч гэлээ, түүний тухай дурсамж сэдрээсэн өдөр
Тэр намайг намрын охин гэж нэрлээд
Тэр намартаа учиргүй их гунигладаг байж билээ
Тийм нэг сайхан л инээмсэглэдэг
Жирийн нэгэн залуу байлаа
Хааяа гэрийн гадаа ирээд
Цонхны минь гэрлээр тамхиа асаачихаад
Цог шиг улалзсан сэтгэлээ дарж зогсдог байлаа
Тэгэхэд тэр нь шөнийн түүдэг шиг л өндөрт асаад
Тэсвэрлэх аргагүй өвтгөдөг байсныг нь би мэддэг байлаа
Шаналгаж, шархлуулж явсан минь их олон жил юм
Сайхан залуу насных нь уйтгар байсандаа  л талархаж байна!
Хайртай гэж нүд рүү минь цэхлэн хэлэх байтугай
“Харанхуй болчихож, хүргээд өгөх үү” гэсэн нь ганцхан удаа
Хамгийн зоригтой аашилсан тэр үдшийг би их л гайхдаг юм
Халамцуу байсан ч байж магадгүй ээ тэр
Сайн санахгүй юм...
Их л итгэлтэй “Эхнэр минь болооч дээ” гэж гуйж билээ
Ийм үг сонсоно гэж хэн санах вэ дээ ер нь...
Гайхсандаа хамаг хурдаараа гэр лүү гээ гүйж яваад би
Газар бүдэрч унаад хөлөө шалбалчихсанаа л мэдэж байна
Гэхдээ л үүр гэгээртэл өвдөг, өр сэтгэл хоёр
Үнэхээр их хорсож билээ...,

2013.09.27

Баруун мөрөн дээрээс минь өргөст мөчир
Бадаг шүлэг шиг л нэгэн өдөр ургав
Зүүн зүгээс хоёр улбар шувуу салхи авч ирээд
Зүрхнийхээ судсаар үүр бариад сууна гэв
Бялзуухайд нь удалгүй төрж, хэнгэрэг цоолох дөхөв
Баргил бүрээ хангинах мэт л тийм чанга ажээ
Эх шувуу л үргэлжид өт зууж ирээд үрсээ тэжээж
Эцэг нь гэтэл үснээс минь зулгааж үүрээ доторлох болов
Өвөл удахгүй болох гэж цас хялмаалж эхлэхэд
Өрц рүү минь шургана гэж шувуухайд шулганаж байв
Тэгдээ дотор минь ороод амьдар гэж цээжээ онгойлгон өгвөл
Тэгвэл дулаахан оромж болгоё гээд нүдийг минь ухаад бөглөчихөв..

2013.09.19

Э.Бүжинлхам 

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
Я.Баяраа (зочин)

Эхний шүлгийг нь уншаад л гарч байна Бүжин минь. Сэтгэл цэлсхийснээ, эргээд анивисхийлээ...

oooa (зочин)

TemDeglel shulgiin chin tsag arwan
neg horin taw gesniig chne unshad tsaga harsan
yaag 11 25blj bdg bn shd hhe tsaanaa l
neeh goy bicheh yumaa

Ц.Санчирмаа

Cүүлийнх ямар хүнд шүлэг вэ

tsoom (зочин)

uneher gaihaltai goy shulegnuud...

LeХаос (зочин)

Үнэхээр таалагдлаа... Ашгүй блогийг чинь оллоо :>
Номоо дахиж хэвлэхгүй биз?? Хэвлэсэн ном байдлаар нь уншихыг, эзэмшхийг илүүд үзэж л байна... :>

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)