S.F's note : Би юм

Би юм

Би юм

Тийм гэхийн аргагүй гунигт үнсэлтийг

Энгэрт минь зүүгээд явчихдаг

Тэнгэрийн харцтай хүнийг үүрд хүлээнэм...

Шидэт зүүдний чинь нууцыг тайлах

Цорын ганц, тэнгисийн гүн дэх түлхүүр юм би

Шивнэн хэлэх хүсэл бүрийг чинь тэнгэр лүү нисгэх

Цаг хугацааны залбирал юм би чиний

Нэг л гүнзгий санаа алдахад, хоолойд чинь тээглэх

Үл мэдэг хөндүүр зангирал юм

Ганцаар суухад гараас чинь тас зуурах

Ганцаардлаас ч эрхэмсэг ганцаардал чинь би юм...

Өвдөлт мэдрэгдвэл аяархан амандаа аялж болох

Өчигдөрт байсан чиний тэнэгхэн дурсамж юм би

Хэнд ч хэлэлгүй өөртөө л үүрд хадгалсан

Хэний ч хүршгүй эгшиглэнт нууц чинь би юм

Хэн нэгнийг хайрлалаа ч чиний санамжинд байх

Хэзээ ч зэвэршгүй мөнхөд түгжээстэй цоож юм би чиний...

Үүлсийн үзүүрээс тас атгаад эргэж ирэхгүй явахдаа ч

Үүрд зүрхэндээ бэхлээд оёчихсон итгэл бол би юм

Долоон сарын асгарсан их бороо алган дээр чинь үнсчихээд

Амь алдахдаа ер бусаар инээмсэглэх гоо үзэсгэлэн юм

Би чиний зун юм...

Харамсахдаа уруулаа хэмлээд л инээмсэглэж чадах

Хачин аниргүй, галзуурал чинь би юм

Хайрлаж боломгүй хайр

Харанхуй нуугддаг сэтгэл юм би

Амьдралыг туулах зориг үгүй болох үед

Араас чинь зөөлөн тэврэх өчигдөр юм

Зүрхний чинь хамгийн эмзэг өрөөнд

Зүсээ тольдон, үсээ самнан суух залуу нас бол би юм

Тэмдэглэлийн хуудаснаа бичигдсэн учрыг нь олоогүй зурвас юм

Тэр нэгэн хүйтэн өвлийн цонхон дээр асаасан лаа юм би

Чиний нүдэнд хоргодох, хэний ч анзаарамгүй

Хамгийн эрэмгий гуниг бол би юм

Чимээгүй орсон цасны, үүрээр цацрах

Үл мэдэг бүдэгхэн гэгээ юм ...

Би чиний өвөл юм...

Хаа хүрэх нь үл мэдэгдэх галт тэрэгний цонхоор

Гунигтай инээн харахад чинь хийсэн одсон чийгт сормуус юм

Хамгийн хүйтэн шөнөөр зүүдэнд чинь жингэнэх

Мөрөөдөлд чинь мөнхөд орших гэрэлт цамхаг юм би

Асгаж орхивол арай л аяархан өвдөх болов уу гэмээр

Асгарч өгдөггүй тийм хяслант нулимс юм, чиний

Үзэн ядахуйн хязгаараас үсээ сэмрээн хийсгэсэн

Үнэрт чинь үүрд орших өршөөлгүй нууцат харц юм би

Эргэж хараад тэврэн авах нүгэлт хүсэл чинь би юм

Эхлэл тавьж зүрхлээгүй асуултын тэмдэг мэт төгсгөл юм

Зүүн чихэнд чинь мөнхөд уянгалах шүлэг юм би

Зүрх рүү чинь шурган орчихоод үүрд амьдрах найдвар бол би юм

Уйлуулж чаддаг эр зоригийг чинь хайрлаж чадах ганцхан нь би юм

Урван одсон, уучилж чадаагүй тасран одсон хүлээлт нь ч бас юм

Зүүд билээ чи минь гээд зүүдэлж зүрхэлдэггүй санаашрал юм

Хүрч чадашгүй нь чи гэхдээ, хүрч чадахгүйгээ л хайрлах зүрх нь би юм

Амьдралд чамайг торгоох зогсоол чинь би юм

Асан унтраад, нурам болох хүч чадал чинь ч бас юм

Бүр мөсөн хатчихсан хэрнээ үг шивнэх

Цагаан уул цэцгийн

Бүдэг бадагхан баригдашгүй

Зөн совин юм би

Чи юм би

Би юм чи...

2012.7-8-9.26

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
Найраг

Гайхалтай

Юм (зочин)

"Би юм", "Чи юм" хоёул дэндүү гоё!

tsatsa (зочин)

Saihan boljee....

MN (зочин)

uu saihan bn uu

Цогтоо (зочин)

Мэдрэмжээ үгээр зурах авьяасыг чинь гайхсаар байна...Та үнэхээр гайхалтай шүү.Хэрэв та санаж байгаа бол би таны шүлгүүдийг "Хүлээлт"тэй холбоотой юм болов уу гэж нэг удаа хэлж байсан.Хэн мэдэхэв дээ миний нүдээр миний мэдрэмжээр таны ертөнцийг төсөөлөхөд
"Хүлээлт"
Харанхуйд уусах агшинд
Харагдах дүрсгүй хутгаар зүрх рүү нэвт хатгана
Тэр өвдөлт аймшигтай бас гайхалтай
Тэгээд л түүнийг ахин дахин мэдэрмээр

Тэр ертөнц надад хамаагүй...
Тэгсэн хэрнээ нээх дотно
Үүрд тэндээ хоригдоод
Үүлэн дотроос хайр асгартал амьдармаар

Нулимс,инээд хоёрыг нь би ялгахгүй
Нуугаад ч байгаа юм уу,илтгээд ч байгаа юм уу?
Нууцыг нь бодитоос нь салгахгүй

Нуур,усны толион дээр хөл нүцгэн алхах тэр бүсгүй
Нүдээ аньсан,үсээ задгай хаясан
Нүүрээ гараараа дарсан
Нүд нь л харагдана

Нөмөрсөн хар уйтгараа тайлан хаяад
Хүлээсэн харцаар эргэн тойрноо ширтэнэ
Хүлээсэн хүн нь ирсэнгүй ээ...

Ингээд л диваажин руу шингэчихлээ...

Эхээс төрсөн онгон биеэрээ
Эрх саран дээр,энхрий хайрын модны дэргэд
Инээмсэглэн,шүлгээ бичиж сууна
Гэхдээ
Бас л хүлээсээр.../Э.Бүжинлхамд/

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)