S.F's note : Гэрлийн байцаагч ах

Гэрлийн байцаагч ах

Гэрлийн байцаагч ах

Гагнасан гинжийг таслаад өгөөч! Зүрхэн дотор хөл нүцгэн хэдэн жаал ингэж хоолойныхоо хэрээр орилж байлаа. Дахиад л чангаар хэлнэ... Гагнасан гинжийг таслаад өгөөч.

         Жаалууд саяхан худгаас усаа авчихаад, одоо бүгдээрээ “чөлөөлөгдсөн” байгаа нь энэ хэрэг. Гуравтай хүүгээс, арван хоёртой охин хүртэлх нэлээн хэдэн жаал энд амьдардаг. Тэд бүгдээрээ нэг гудамжинд амьдардаг хүүхдүүд л дээ. Зун цаг ч бол яахав ингээд л хөгжилдөөд байж болдог сон. Өвөл л хэцүү. Жаалууд дахиад л зүрхэн дотор минь дуулаад л , тоглоод л, гүйлдээд л байх юм... Гагнасан гинжийг таслаад өгөөч! Зүрхэнд минь, таслаад өгөөч. Гагнасан гинжийг таслаад өгөөч.

        Наймдугаар сарын эхэн үе билээ. Усан бороо хэдэн өдөр шаагин орсны дараа, өнөөдөр л нар гарсан нь энэ аж. Тэгээд л тэд урьдынхаасаа ч илүү баяр хөөртэй байгаа биз... Гудамжны шороон зам дээр босгосон сагсны шийд, жижиг жижиг хайргыг бүгдийг нь түүгээд хажууд нь овоолчихсон энэ талбайн хоёр талд, хүүхдүүд гар, гараасаа хөтлөлцөн зогсчээ. Гүйлдээд л... Зүрхэн дээр минь хар хур даараа гүйлдээд л. Гүйх тусам нь аяар аяархан санаа алдана.

“Гэрлийн байцаагч ах явж байна” гэж орилох халзан толгойтой, сэвхтэй шар, сахилгагүй хүүгийн дуу хадахад би давхийн цочив. Нээрээ л нөгөө өндөр “мод”-руу авирахаараа нэг л эр зоригтой харагддаг, дөрөөгөө үүрсэн гэрлийн байцаагч явж байх нь тэр.

Гэрлийн байцаагчаас айдаг долоон настай бяцхан охин нэг л айсан шинжтэй ийн бодож суулаа. Сахалтай, амандаа тамхи зуучихсан тэр ах түүнд нэг л аймаар санагддагсан. Ядахдаа бүр тэгэхээс тэг гэсэн шиг л тэдний хашааны хаалгыг нүдэж байгаа харагдана. Юу, юугүй яваад л орчихлоо. “Муу банхар, хөлнөөс нь зуугаад авахгүй дээ” хэмээн, охин бодож суугааг хэн ч мэдэх билээ. Өнөөх сахилагагүй шар хүү л “Танайх руу орчлоо ш дээ Чимэгээ” гээд мар, мар инээж байлаа. Бяцхан Чимэг охинд айдаг зүйл олоон... Хажуу айлын муухай жижигхэн шар нохой, тэгээд эзэн нь гэж яг адилхан үргэлж чулуу нүүлгэж дээрэлхдэг зэвүүн сэвхтэй шар хүү, хальтарч унах гээд байдаг голын далан, тээр тэнд байдаг вагон замын гүүр, гол руу явах замд ургачихсан халгай гээд түүнд айх юм олон. Бүр ядахдаа энэ гэрлийн байцаагч ах хүртэл шүү!

     Төд удалгүй тэдний гэрээс өнөөх аймар ах гараад ирэх нь тэр. Аавтай нь маргалдаад л байгаа бололтой. Охин хүүхдүүдээс нэг л ичисхийгээд доош хараад, хөл дээрээ суучихав. Гараараа газар зураад л, нүүр хийх газаргүй болтлоо ичжээ. Тэдний тогийг таслахаар өнөөх гэрлийн байцаагч мод руу авирч, аав нь харин гуйгаад л байгаа бололтой. “Өнгөрсөн өвөл бас л энэ ах ирээд гэрийг минь дулаахан байлгадаг ганц “тен”-ийг хураагаад аваад явчихсан шүү дээ” гэж охин бодож суулаа. “Яагаад гэрлийн байцаагч манайд ийм дургүй байдаг юм бол доо” гэж бодно. Хажуунаас нь ядахдаа нөгөө сахилгагүй шар “Би том болоод гэрлийн байцаагч болно, яг энэ ах шиг” гэх нь бүр л гомдол төрүүлэх аж.

      Хүүхдүүд учир мэдэхгүйгээсээ ч тэр үү, том хүнээс ч илүү харгис байдагсан. “Танай тогийг чинь тасалчихлаа ш дээ, Чимэгээ” гээд л хуруу гараараа зангаад, шоолж инээгээд ер болдоггүй. Гэтэл охины хоолойг нь нэг юм тастаад авах шиг санагдаад болдоггүй ээ, зангирсан л хэрэг л дээ. Тэгээд тэсэлгүй охин голын зүг гүйчихэв...

      Өнөөх айдаг далангаасаа арай хийн буугаад голд ганцаараа хэсэг тоглолоо. Хүүхэд л болсон хойно дорхноо л мартсан нь энэ аж. Ээж нь сүүний үйлдвэрт ажилладаг “Би дандаа сүүнд биеэ угаадаг” гэж худлаа ярьдаг Жийгээ охин тэндээс гүйж байгаа харагдана. Чимэгээ баярласандаа гараа даллаад “Жийгээ нааш ир, нааш ир” хэмээн орилов. Жийгээ охин өглөө бүр л ажилдаа гарч байгаа юм шиг гадаа тоглохоороо жижигхэн савхин цүнх үүрээд гардагсан. Тэгээд тэр цүнхнээсээ хэдэн ширхэг хатсан боорцог, бүлээхэн болчихсон сироп ундаа, ууттай чавга зэрэгхэнийг гаргаж ирээд “Хоёулаа аяллаар явж байна гэж тоглоё” гэж хэллээ. Охид ч бүхнийг мартжээ. Түрүүхэн Жийгээ ч гэсэн “Танай тогийг тасалчихлаа ш дээ” гэж бусдын адил шоолж л байсан юм. Гэхдээ одоо бол өөр л дөө. Тэд аяллаар явж байна.

     Нар жаргаж, тэнгэрийн хаяа улаа бутарна. “Маргааш ч халуун өдөр болох нь ээ, тийм ээ Жийгээ” гэсээр тэд гэр, гэрийн зүг буцлаа. Охин хашаандаа орвол гэрийн гадаа пийшэн тавьчихсан, ээж нь гурилтай шөл хийж байлаа. “Өө миний охин, халуунд наршчихав даа” гэсээр ээж нь угтав.

       Гэрт нь ямар ч тог байхгүй, үздэг олон ангит кино ч байдаггүй. Нэг л уйтгартай... “Аав аа, хайран киногоо үзэж чадсангүй. Юу болж байгаа юм бол доо” гээд охин нэг л урамгүйхэн хэлэв.

“За яахав ээ, миний охин радиодоо зай аваад хийчихье. Тэгээд дууг нь сонсвол ойлгочихно шүү дээ. Миний охин зайнд яваад ир” гэж аав нь хэллээ. Охин ч баярлаад яарсхийн гүйн гарав... Гэтэл хажуу айлынхаа Болдоо ахтай хаалганы гадаа мөргөлдчих нь тэр. Болдоо ах гэж нөгөө муу сэвхтэй шарын аав л даа. Сэвхтэй шар жаал шиг муухай сахилгагүй хүн биш. Том хүн болохоороо л юу гэж сахилгагүйтэх билээ, гэж охин бодно. Их сайн хүн шүү. Охины аав, Болдоо ах хоёр нь үе, үе хамт түлээгээ хөрөөдөж, нүүрсээ зөөж ирдэгсэн.

 “Хүүе, миний дүү чинь ахыгаа унагаах нь уу дээ? Хаашаа ингэж яараав” гэж хэлэх зуур охины аав ч гэрээс гараад ирлээ. Охин чимээгүй зогсож байтал “Өө, Болдоо...Юу байна хө. Өнөөдөр гэрлийн байцаагч ирээд гэрэл тасалчихдаг байна шүү... Хэд хоногоос л залгуулдаг байх даа” гэвэл

“Тэгээд тэр болтол манайхаас салаалаад хэрэглэчихээч дээ хө” гэлээ. “Нээрээ ч тэгье дээ, за алив би нэг дээшээ гараадахъя” гээд шонгийн мод руу авирлаа. Ингээд тэднийх ямар ч байсан тогтой болжээ. Айл хөршүүд ийм л байдагсан. Жаахан Чимэг “Болдоо ах ч сайн хүн шүү, харин тэр гэрлийн байцаагч ах ч муу хүн дээ” гэж бодсоор л байлаа...

Энэ зуур ажлаа дуусгаад өнөөх “аймаар” гэрлийн байцаагч гэрийн зүг аажуухан алхана. Тэрээр урт өдрийн цаана гарсан нь энэ аж. Гэртээ ороход хажуу айлын эмэгтэй орж ирээд суучихсан, “Чамайг хүлээж байлаа, өдөр гэрлийн байцаагч манай тогийг тасалчихжээ. Чи нэг гараад залгаад өгөөч” гэж хэллээ... Өнөөх гэрлийн байцаагч “Өө, за тэгье, тэгье... Хэсэгтээ манайхаас салаалаад л хэрэглэчихгүй юу” гэж хэлжээ...

 Зуны адаг сарын тэргэл саран гарсан байв... Охин унтаж байлаа. Хорвоо дээрхи хамгийн муу хүн гэж боддог гэрлийн байцаагч, хамгийн сайн хүн гэж итгэдэг Болдоо ахыгаа ч юм уу эсвэл, өнөөх сахилгагүй сэвхтэй шар хүүг, Жийгээ найзыгаа гээд аль нэгнийг л зүүдэлж байсан биз... Харин тэр гудамжны айл бүрийн тогоонд аз жаргал, зовлон гуниг, ус сүү шиг сүлэлдэн байсан биз ээ. Гэхдээ л түүнийгээ бүгд л амтархан уудаг хойно доо...

Ээ ээ ээ, ингээд л би... оны эхний шөнө харанхуй өрөөндөө ганцаар суугаад, үүр цайхыг хүлээж суусансан... Бодолд минь бяцхан хүүхдүүд гүйлдэн, инээлдсэн хэвээрээ... Бяцхан Чимэгээ охин гараа даллан цааш гүйлээ... Бурхан минь, гагнасан гинжийг таслаад өгөөч! Зүрхэнд минь, таслаад өгөөч. Гагнасан гинжийг таслаад өгөөч..

2012.1.1

 Э.Бүжинлхам

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
Начин (зочин)

Ай тэр гэрийн минь тооноор гэрэл үзэгдээд
Алиахан ээжийн минь өвөр дээр дүү минь үнэгчлэн байгаадаа

Золу

Амьдрал

ema (зочин)

baga nasaa ergen dursav...

oo (зочин)

sain gesen blgon sain baidaggui muu ch bas adilhan hetsuu ch yum daa yaamaar ch yum

o (зочин)

neg orchihwol garmaargui baigaal baimaar,shirteel suugaal baimaar,unshaal dahin unshaal baimaar saihan shuu SF

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)