S.F's note : ХАЙР

ХАЙР


- Би чамд хайртай шүү, энэ үнэн.
- Зүрхэнд минь ч тэр үү?
- Тийм ээ, бүр бүх зүйлд чинь...
- Яагаад?
- Чи хайрлахгүй байхын аргагүй хүн шүү дээ.
- Тийм гэж үү?
- Би чиний нүдэнд их хайртай.
- Яагаад???
- Чиний минь нүд дэндүү гоё.
- Үгүй ээ, юу нь гоё гэж. Утгагүй юм. Чи сайн хар л даа
- За... Харж байна..
- Чи юу харж байна?
- Урт сормуустай, их сайхан хүрэн нүд.
- Сохор! Чи надад огт хайргүй юм байна.

1. Өө, хайрт минь. Энэ бол халимаг үстэй, үргэлж зангиа зүүдэг, гялтганасан хар гуталдаа өөрөөсөө ч илүү хайртай болов уу гэмээр өнөөх баян залуу бид хоёрын яриа л даа. Өчигдөр билүү, өнгөрсөн долоо хоногт ч билүү түүнтэй би уулзсан гэхүү дээ. Тэр надтай гэрлэхийг хүссэн. Миний улбар үс, хэний ч харааг булаахгүй байх аргагүй уруул, богино банзалд минь залуус ямар их шунаж байна гээч! Өөрийгөө би мэднэ. Өөрийнхөө гоо үзэсгэлэнг үнэндээ бол би мэднэ. Мэднэ шүү. Тэд харин хэзээ ч миний зүрхийг авчихаж чадахгүй юм аа. Гүй ээ яаж ч чадах вэ? Угаасаа чамд явж байгаа шүү дээ!


2. Өө, хайрт минь. Намайг үнэхээр уучлаарай. Чамайг энд байхгүй учраас би үхлээ. Би үхэхээр явлаа. Угтаа үхэх гэж нэрлэчихэж үүнийг бас болохгүй л дээ. Энэ үхэл биш юм аа. Үнэндээ бол. Зүгээр л түр зогсолт. Чиний төлөөх миний тэмцэл дэх түр зогсолт л юм. Чи өнөөдөр ч гэсэн ажил руу гаа явдаг замаар яарсан хэвээрээ, хөмсгөө зангидаад явж байсан. Гэрээсээ эрт гарч байгаач. Дандаа хоцрох юм! Би харин дахиж чиний явдаг зам дээр өглөө бүр сонин худалдаж авч байгаа мэт дүр эсгэж зогсохоо энэ өдрөөс эхлэн болихоор шийдсэн. Баяртай.


3. Сайн уу, хайрт минь. Чи надаас залхаж байна уу? Гүй ээ, юундаа ч залхах вэ дээ? Намайг харж байгаа биз дээ? Үнэндээ бол үхээгүй. Үхээгүй л байна би. Чи минь баярлаж байна уу? Баярлаж байгаа биз дээ?


4. Өнөөдөр чи нэг бяцхан охинтой хөтлөлцөөд явж байна лээ. Чиний нөгөө зангидсан хөмсөг хаачаа вэ? Тэр чинь чамд инээмсэглэлээс илүү зохидог ш дээ. Тэр охин чинь хэн юм бэ? Чи түүнд хайртай юм уу? Саяханаас танилцаа юу? Тэр охины уруул яасан нялх харагддаг юм бэ, нүд нь ч гэсэн...! Хараал ид гэж. Сайхан охин байна лээ. Бас жаахан юм билээ? Надаас лав арав дүү байх. Ахлах сургуулиа гэж.


5. Нөгөө охин чинь ганцаараа явж байх юм. Чи түүнийг яагаад өнөөдөр сургуулиас нь ирж авсангүй вэ? Тэр чамайг, би харин та хоёрыг хөтлөлцөөд танай гэр лүү явахыг хүлээгээд зогсож байсан юм аа. Уг нь бол. Харин чи ирсэнгүй. Өнөөх өрөвдөлтэй бяцхан охин, байн байн утас руу гаа хараад л, даараад зогсоод байсан шүү. Чи мэдэх хэрэгтэй байх. Янз нь чамд их хайртай юм шиг байна лээ.


6. Та хоёр эвлэрч ээ дээ? Би тэр охинд бас хайртай болчихжээ. Чи минь мөн тэр охинд ухаангүй хайртай юм билээ. Би мэдсээн, чиний нүднээс хайр асгараад л байна лээ. Чиний тэр харц намайг алах шахсан шүү. Чи түүнд хайртай болохоор би тэр охинд маш хайртай болж байна. Өө, түүний намирсан хар гэзгэнд хүрэхэд чинь би золтой л цочсондоо дуу алдчихаагүй. Тийм эмзэг үс гэж байдаг аа!


7.
Одоо бол чамайг гэхээс илүү тэр охин л миний хайрыг бүр ч их татах боллоо. Мэдээж чи хайртай учраас тэр л дээ. Өчигдөрхөн би уруулаа будах гэж толио гаргаж ирэнгүүтээ л цэцэрлэгийн сандал дээр чамайг хүлээж суусан нөгөө охины үсээ самнахыг маш удаан ширтсэн. Маш удаан ширтсэн гэхүү дээ. Тэр ч ёстой тэнгэрийн элч юм аа.


8. Өнөөдөр чи яагаад түүнд ингэж аашилж байгаа юм бэ? Би чамайг үзэн ядаж байна. Хайрт минь. Чи арай ч дээ. Охин чамд зөвхөн хүүхэдтэй болсноо л хэлсэн шүү дээ. Харин чи алгадчихаад яваад өгөх юм. Би чамайг үнэхээр үзэн ядаж байна. Хайрт минь, Хайрт минь...


9. Өчигдөр муухай аашилсанд уучлаарай. Би ч гэсэн нөгөө бяцхан охинтой санал нэг байгаа шүү. Хүүхдээ төрүүлэх хэрэгтэй гэж. Түүний анхны хүүхэд шүү дээ. Чиний хувьд ч өөр хэрэг л дээ. Эхнэр чинь, үүнийг мэдчихвэл хэцүүхэн зүйл болно доо. Тийм үү? Би чамайгаа зовоосой гэж хүсэхгүй байгаа ч, нөгөө бяцхан охины уйлахыг харахаар хэцүү байх юм аа.


10. Хайрт минь, чи ойрдоо нөгөө охиныг эргэж ирэхээ ч болилоо. Гурван сар өнгөрсөн байна. Охин гэхдээ хүүхдээ авахуулаагүй байгаа. Гэрийнхэндээ ч хэлээгүй юм шиг байна лээ. Би түүний хаалган дээр маш сайн эмэгтэйчүүдийн эмнэлэгийн хаяг үлдээчихсэн. Тэр эмч охинд туслаж чадах байх аа.


11. Өө, чи минь ойрдоо бүр ажил руугаа яарч явахдаа их л аз жаргалтай харагддаг боллоо. Дахиад дурлаа юу? Би баяртай байна, чи минь шинэ мөрөөдөлтэй болсонд. Маш их. Маш их баяртай байна шүү.


12. Би маш их уйлж байна. Чи байхгүй болохоор тэр. Гэхдээ чи над дээр ирвэл би бүр ч их уйлна аа. Мэдэж байгаа. Чи ирээгүй нь дээр. Инээмсэглээгүй нь дээр гэж бодож байна. Чамд би ямар их хайртай юм бэ?


13. Чи ядахдаа ганц удаа охиныг эргээд ирчихгүй дээ. Охин өчигдөр хүүхдээ төрүүллээ. Хөөрхөн хүү. Эрүүл саруул хөөрхөн хүү төрсөн. Яг чам шиг нүдтэй хүү байна лээ.


14. Нөгөө охин чинь хүүгээ орхиод эмнэлэгээс зугтчихжээ. Хайрт минь, чиний хүүг хаяад явчихлаа. Өнөөдөр... Улбар үс, хэний ч харааг булаахгүй байх аргагүй уруул, богино банзалтай тэр эмч бүсгүй охиныг ятгаж, ятгаж хүүхдээ төрүүлж, ээж болох хэрэгтэйг ойлгуулсан юм сан. Гэтэл хаяад явчихдаг байна шүү. Хатуу сэтгэлтэй бяцхан охин.

15. Сайн уу? Хайрт минь. Би чамд зориулж сүүлчийн удаа тэмдэглэл бичиж байна. Одоо ингээд бүхнийг цэглэе. Чи миний амьдрал байсан юм аа. Одоо огт өөр зүйл миний амьдрал болоод байна. Чамайг мартана. Харж байгаа биз дээ? Ямар ч эргэлзээгүй үүнийг хэлж байгааг минь. Харин чамайг орхихын тулд надад өгсөн зүйлд чинь баярлалаа. Чи минь энэ хорвоогийн хамгийн сайхан залуу шүү. Баяртай.

Зохиогч: Тэр бүсгүй маш их аз жаргалтай байлаа. Уйлж байлаа. Асгартал уйлаад л баймаар байж л дээ. Тэгээд өнөөх залууд бичсэн бүх тэмдэглэлүүдээ шатаачихаад үүнээс илүү гэрэл гэгээ хаана ч байхгүй болохыг мэдэрчээ. Тэр одоо утга учиртай болжээ. Бүсгүй энэ зуур утсаа аваад халимаг үстэй, үргэлж зангиа зүүдэг, гялтганасан хар гуталдаа өөрөөсөө ч илүү хайртай болов уу гэмээр өнөөх баян залуу руу залгаад “Хоёулаа гэрлэе, би зөвшөөрч байна” гэж хэлжээ. Энэ зуур түүний  өвөр дээр улаан нялзрай хүү , бүсгүйн сүү ороогүй жижигхэн хөхийг үлгэж байлаа.

Э.Бүжинлхам 

2012.03.07

start=-34 , cViewSize=50 , cPageCount=1

16 сэтгэгдэл:

null
Викториа (зочин)

Чиний ертөнцөд л ийм аугаа хайр оршном...Ямар сайн болоо вэ

Bujil (зочин)

haaanaas gardag iim ih tosoolol ve burhan min

Зочин

аймар

Цэнхэр Шувуу (зочин)

гайхалтай..

Дука

сайхан гэхээс өөр хэлэх үг одоохондоо толгойд орж ирэхгүй байна охин минь :)

SHUR (зочин)

Улбар шар үс, уруул... яг өмнөх шиг энд учир бий юу

TheCilia1 (зочин)

тэр бүгд өөрөө юм шиг...

Oogii-sm Bs (зочин)

vneheer ih hairtai, durtai hvn yumaa

Зочин

эмэгтэй хүн л ийм тэнэг байж чадна эмэгтэй хүн л ингэж хайрлаж чадна

Атаархуу Азаа

ёстойхаанас нь гардым гэмээр сайхан сэтгэмжтэй бүсгүй юмдаа

Elizabeth Cullen

Гайхамшигтай юмаа....

saarlaa (зочин)

gaihaltai

zochin (зочин)

wihout love....you are the perfect ...but perfect human cant live

Uuganaa (зочин)

Ystoi gaihaltai chinii setgemj.Chamaig terlej bga ter yums buhen uneheer saihan bhaa.chamd amjilt husiy unuudur-us ehleed chinii fan boloy. :P

сора (зочин)

бурхан минь бурхны тайлбарын ном уншихад хэд хэд уншихаас нааш ойлгодгүйтэй адил ядаж байхад би бусад хүнээс илүү толгой муутай болохоор ойлгоход бүр хүнд байлаа магадгүй дахиад хэд хэд унших хэрэгтэй байх

Achit (зочин)

Үнэхээр гайхалтай мундаг ^^

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)